2024-05-01 | 16:20
$ АНУ доллар 3,378.90 Евро 3,602.25
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/02/23

GenZ, Millennials, Boomers: Үе хоорондын ялгааг ойлгох нь

Энэхүү нийтлэл нь Монгол улсад сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохиогддог хамгийн том бөгөөд нэр хүндтэй тэмцээн “Алтан Үзэг 2019” наадмын шилдгийн шилдэг бүтээлийн “Гран При” шагналыг хүртсэн болно.

Цаг цагаараа байдаг гэдэгчлэн нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр нэг үед төрсөн хүн өмнөх ба дараагийн үеийнхнээсээ өөр орчинд өсөж, ондоо зүйлсийг хэрэглэж, үзэл бодол, үнэт зүйлийн хувьд ч их, бага ялгаатай болж ирдэг. Тийм ч учраас судлаачид тус тусын улсынхаа иргэдийг төрсөн оноор нь үеүдэд хуваан, тус бүрийнх нь онцлог шинжийг гаргаж, сонирхолтой судалгаа хийх болсон нь санамсаргүй хэрэг биш. Үүнээс улбаалан хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэх болсон нэр томъёо, ялгаа харьцуулалтуудыг бид энэ нийтлэлээрээ хөндөж, цэгцтэй нэгдсэн ойлголт өгөхийг зорилоо.

ҮЕҮДИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яавал илүү сайн дотносож, нээлттэй ярилцах талаар, компанийн удирдлагууд шинэ, залуу ажилтнуудтайгаа хэрхэн ойлголцож, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх талаар, багш нар сурагчдадаа ямар арга барилаар хичээлээ заавал илүү үр дүнтэй байх талаар “толгой гашилгаж”, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь бий. Тэр ч бүү хэл, бизнесийн байгууллагууд бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ оновчтой маркетинг хийж, зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд тэдний талаар мэддэг байх шаардлагатай болжээ.

Өдгөө олон улс оронд төрийн санхүүжилтээр юм уу бизнесийн байгууллагын захиалгаар мэргэжлийн байгууллагууд үеүдийн талаар судалгааг ихээр хийх болсон. Японы эрдэмтэд гэхэд 1940-өөд оноос хойш төрсөн иргэдээ хэдхэн жилийн зөрүүтэйгээр арваад үед хуваан, “Их төрөлтийн 1, 2-р үе”, “Хөдөлмөрийн мөстлөгийн үе”, “Чөлөөт боловсролын үе” гэх мэтээр тухайн цаг үетэй нь холбон нэрлэдэг. Харин Хятадын хувьд 1920-оод оноос хойш төрсөн иргэдээ хэд хэдэн үед хуваасан нь бусад орнуудтай харьцуулахад 2-5 жилийн зөрүүтэй байгаа юм. Америкийн судлаачид гэхэд бидний сайн мэдэх X, Y, Z үе гэх нэршлүүдийг гаргасан байдаг. Энэ мэтчилэн улс орон бүрийн үеүдийн ангилал ялгаатай байгаа нь улсуудын нийгэм, эдийн засаг, техник технологийн хөгжил харилцан адилгүй байдагтай холбоотой.

ҮЕҮДИЙГ ОЙЛГОХ НЬ

Нийгэм асар хурдтай хөгжин өөрчлөгдөхийн хэрээр хүн хэрэглээгээ тэлж, амар хялбар бүхэн рүү тэмүүлж, байнга шинэ соёлыг бий болгож байдаг нь жам ёсны зүйл. Тиймдээ ч хүмүүс ямар цаг үед төрж өссөнөөсөө хамаарч өөр өөр зан төлөв, хандлагатай болдог гэдгийг бид ойлгох учиртай.

Ахмадууд “одооны залуучууд өөр болжээ” гэж хэлэхийг та сонсож л байсан биз дээ. Угаас тэдний төсөөлж ч байгаагүй ухаалаг техник технологи, сошиал медиаг ашиглаж, шинэ загвар, трендийн хувцас өмссөн залуус тэдний нүдэнд өөр харагдах нь гарцаагүй. Бид ч гэсэн олон жилийн дараах хойч үеэ хэрхэн өөрчлөгдөж, амьдрахыг хэлж мэдэхгүй тул энэ бол хэзээд яригдах мөнхийн сэдэв юм. Ийнхүү аливаа бүхэн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд оршдог учраас хүн бүр өөрийнхөө залуу үеэр, өөрийнхөө мэдлэгээр аливааг хэмжиж, хуучирсан арга барилаар асуудлыг шийдэх гэж оролдох нь байж боломгүй хэрэг.

Тэгвэл бидэнд үе үе тулгардаг энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Тодорхой цаг үеүдэд төрсөн монголчуудын онцлог, ялгааг та мэдэх үү? Энэ талаар Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач, Оксфордын их сургуулийн магистр Б.Жавзан ийн өгүүлж байна.

Монгол Улсын хувьд одоогоор энэ чиглэлийн судалгаа хийгдээгүй байгаа аж. Уг нь энэ төрлийн мэдээлэл өмнө дурдсанчлан нийгмийн амьдралд, бизнесийн орчинд тун хэрэгцээтэй байдаг. Ялангуяа дөнгөж их сургууль төгссөн залуучууд ажлын талбарт гарах үед үүнтэй холбоотойгоор үл ойлголцол, арга барилын асуудлуудтай тулгардаг.

Манай орны хувьд ардчилалтай зэрэгцэн 90-ээд онд төрсөн залуучууд буюу олон улсын нэршлээр Миллениал, Z үеийнхний технологийн мэдлэг, цахим хэрэглээ, хүлээн авч буй контент зэрэг нь аль хэдийн дэлхийн хэмжээнд хүрсэн билээ. Энэ хэрээр тэдний сэтгэлгээ, үзэл бодол, хандлага бусад улсын залуучуудынхаас хол ялгаатай биш. Харин бидний аав ээж, өвөө эмээгийн залуу насаа өнгөрөөсөн социалист нийгэм, нэгдэлжих хөдөлгөөний үед манай улс бусад орнуудаас хөгжлөөрөө харьцангуй хоцрогдож байсан гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз. Хэрвээ монголчуудыг үеүдэд хуваан авч үзвэл эдгээр хүчин зүйлийн улмаас олон улсын жишгээс багагүй зөрүүтэй гарах болов уу.

ҮЕҮДИЙГ ХАРЬЦУУЛАХ НЬ

Нэгэн цаг үед хамтдаа амьдарч буй хүмүүс ямар үед төрснөөсөө үл хамааран хоорондоо харилцан ойлголцдог байх нь хамгийн чухал. Тиймээс ахмадууд хойч үеэ дэмжиж, тэдэнд зааж сургахын зэрэгцээ өөрсдөө орчин үеийн хэрэглээнд суралцаж, залуу үетэйгээ эн зэрэгцэн, насан туршийн боловсрол эзэмших шаардлагатай болжээ.

Заримдаа нас насны хүмүүсийн энгийн үйлдлээс ялгаатай байдал анзаарагддаг. Тэд аливаа зүйлд өөр өөрсдийн өнцгөөс ханддаг нь мэдээж хэрэг. Үүнийг бид жишээгээр үзүүлэх гэж зорин, үе бүрээс төлөөлөл болгон нэг нэг эрхмийг урьж, ижилхэн 10 асуулт тавьсан билээ.

Хүн бүр өөр өнгө, өөр өнцөг, өөр үзлийг илэрхийлж, түүгээрээ ялгарч байна. Уншигч та ч гэсэн тэдний амьдралын туршлага, дотоод ертөнцөд ялгаатай зүйл цөөнгүй байгааг анзаарсан биз ээ. Гэхдээ мэдээж ганцхан хүн бүхэл бүтэн үеийг төлөөлөхгүй нь ойлгомжтойг сануулах нь зүй.

Эцэст нь дурдахад, одооноос бид бүхэн ямар ч хүнтэй харилцахдаа үе хоорондынхоо ялгааг хүлээн зөвшөөрч, тухайн хүнийхээ онцлог шинжийг харгалзан, хүндэтгэж, харилцан ойлголцох нь чухал юм шүү. Нийгмийн амьдрал гэдэг эцсийн эцэст хүн хоорондын л харилцаа байдаг билээ.