2024-05-01 | 16:19
$ АНУ доллар 3,378.90 Евро 3,602.25
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/01/23

Хятадад хэдэн ч хүүхэд төрүүлсэн болохоор боллоо


Хятад улсын хүн амын тоо өнгөрсөн онд 60 жилийн түүхэнд байгаагүйгээрээ буурав. Хэдэн арван жилийн турш тус улс “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг баримталсан. Энэ нь 2021 онд өөрчлөгдөж, гэрлэсэн хосууд гурван хүүхэдтэй болох боломжтой болсон юм.

Тэгвэл хүн амын тоо буурч буйн эсрэг арга хэмжээ болгож Сычуань мужид хосуудыг хүссэн тоогоороо хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Бодлогын өөрчлөлтийн хүрээнд ганц бие хүмүүсийг ч бас хүүхэдтэй болохыг зөвшөөрөв. Өмнө нь ганц бие эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх хориотой байсан.

“Нэг өрх нэг хүүхэд” бодлого 1979 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогыг зөрчсөн гэр бүлүүд шийтгүүлж, зарим тохиолдолд ажил төрлөө ч алддаг байв. Түүнчлэн энэ бодлого эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдээс илүүд үздэг соёлтой холбогдсоноор маш олон эмэгтэй үр хөндөлт хийлгэжээ. Нэг хүүхдийн бодлого 2016 онд бага зэрэг уян хатан болж, нэг өрх хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон. Гэвч энэ өөрчлөлт төрөлтийн бууралтыг зогсоож чадаагүй. Өнгөрсөн онд Хятадад анх удаа нас баралтын тоо төрөлтөөс давжээ.

Тиймээс 80 сая хүн амтай Сычуань мужид хүүхдийн тоонд хязгаар тогтоохоо болилоо. Хятадын дарга Ши Жиньпин төрөлтийг нэмэгдүүлэхийг улсынхаа нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон. Энэ хүрээнд засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлж, эхийн эрүүл мэндийн сайжруулах үйлчилгээг санал болгож байна.